Утаа багассан уу? “Үхлийн утаат манангийн эсрэг хийж буй нийслэлчүүдийн тэмцэл”

Хүйтний ам наашлахтай зэрэгцэн Нийслэлчүүдийн агаарын бохирдолтой хийх тэмцэл ид өрнөдөг болоод олон жилийн нүүрийг үзэж байна.  Монгол Улсын засгийн газраас утааны эсрэг төсөл хөтөлбөрүүдийг жилээс жилд хэрэгжүүлсээр ирсэн боловч саяханыг хүртэл утаа мэдэгдэхүйц багасгасан амжилттай шийдэлгүй байсаар утаандаа бараг дассан гэхэд болно. Тухайлбал, 2008-2019 оны хооронд төсвөөс 170 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 279.3 тэрбум төгрөгийг (104.7 сая ам доллар) утааны эсрэг зарцуулжээ[1]. Улмаар аймгийн төвүүдийн агаарын бохирдол нэмэгдэх болсноор утаа нь зөвхөн нийслэлчүүдийн гэлтгүй нийт Монголчуудын асуудал болсон.  

Агаарын бохирдлын голлох шалтгаан нь айл өрхүүд гэрийн зууханд нүүрс түлдэгээс үүдэлтэй. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог Улаанбаатар хотын нийт өрхүүдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч, өвлийн улиралд нүүрс түлж дулаацдаг бөгөөд нүүрс түлэх нь амьсгалын замаар дамжин хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг нарийн ширхэгт тоосонцорын агууламж /PM2.5/ ялгаруулдаг. Амьжиргааны түвшин доогуур өрхийн хувьд хямд, чанар муутай түлшнээс гадна машины резинэн дугуйнаас эхлээд юу тааралдсанаа түлж дулаанаа хангадаг нь агаарт цацагдаж байгаа нарийн тоосонцоруудын 60 хувийг дангаар ялгаруулдаг гэсэн судалгааны үр дүн ч гарч байв[2].   

“Сайжруулсан зуух” – ны түүх

Утааны асуудлаар авч хэрэгжүүлсэн олон ажлуудын нэг нь гэр хорооллын айл өрхүүдийн уламжлалт зуухыг бүрэн шаталттай, утаа ялгаруулалт багатай “Цэвэр” зуухаар солих явдал гэж үзэн эрчим хүчний хэмнэлттэй, утаа бага ялгаруулах бүтээгдэхүүнийг татаастайгаар тараах, нам даралтын муудсан зуухнуудыг солих ажлыг 2011 оноос хойш зохион байгуулжээ. Ийнхүү сайжруулсан зуух тараах компанит ажлууд эрчээ авч нийслэлчүүд утаагүй, сайжруулсан гэх тодотголтой зуухтай нөхөрлөсөн.  

2013 онд Улаанбаатар хотын захиргаа, Цэвэр агаар сан болон Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн дэмжлэгтэй хөтөлбөр хэрэгжсэн нь мөн л гэр хорооллын уламжлалт зуухыг солих,  хөнгөлөлттэй үнээр зуух олгох зэргээр утаа багатай зуухыг хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэж байлаа. Төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн хугацаанд (2011-2014 онуудад) нийтдээ 170 мянган өрхөд сайжруулсан зуух тараасан боловч өнгөрсөн жилүүдэд хэрэглээнд очсон зуухнууд элэгдэж эвдэрсэн, зарим нь зуухаа бусдад зарж үрэгдүүлсэн гэх зэрэг шалтгаанаар өнөөдөр гэр хорооллын өрхүүдийн талаас илүү хувь нь уламжлалт ердийн зуухаа хэрэглэсээр байна. Ийнхүү одоо л нэг утааны эсрэг тэмцэл дуусгавар болох нь гэтэл хөтөлбөрийн үр дүн биднийг түлшээ бэлтгэх зуур утаатайгаа цуг замхарсан байлаа.

“Утаагүй Улаанбаатар” төслийн хүрээнд 2017 онд хот болон улсын төсвөөр нийтдээ 4 мянга орчим тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж түүнийгээ зорилтот бүлгийн өрхүүдэд тараасан. Энэ нь Улаанбаатар хотын хувьд тун өчүүхэн, нэг хувьд нь ч хүрэхгүй үзүүлэлт байв.   

Төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд дэвшилт зуухыг хэрэглэх дадал хэвшил аажмаар бий болж, утааны түвшин тодорхой хэмжээнд буурсан зэрэг эерэг үр дүн байсан хэдий ч зуух дэлбэрэх, угаартуулах тохиолдлууд гарч байв. Хамгийн ноцтой нь үүнээс улбаалан эрдэнэт хүний амь эрсдсэн явдал байв.

“Шахмал түлш” нэвтэрсэн нь

2018 онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоол гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 15-аас эхлэн зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон явдал нь агаарын бохирдолтой тэмцэх зоримог алхам болсон ба энэ үеэс түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах, сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх ажил эрчимжин, гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр хангах ажил нийслэл даяар өрнөсөн.

Өнгөрсөн өвлийн хувьд идэр есийн хүйтэн эхлэхэд утаа багассан юм уу даа гэх эргэлзсэн нэгэн байхад нүдэн баримжаагаар нээрээ багасчихсан ч юм уу даа гэх нэг нь ч байлаа. Эргэлзээг тайлах зүйл нь агаарын бохирдлыг илэрхийлэх тоон үзүүлэлт. Өнгийн харвал утааны оргил үе буюу 12-р сард Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 хувиар, PM10 тоосонцор 43 хувиар, PM2.5 тоосонцор 38 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан[3]. Энэхүү мэдээлэл нь өнөөдрийг хүртэл “Утаа буурна гэдэг угаас бүтэшгүй зүйл” гэсэн бодлыг няцаасан төдийгүй агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн хичээл зүтгэл чухал гэдгийг тод харуулчих шиг.  

Харамсалтай нь түлшийг тараахаас урьтаж зуухны зөв хэрэглээний талаар мэдээлэл, мэдлэг хомс байснаас үүдэн мөн л угаартах ослууд гарч өнгөрсөн 10-р сарын байдлаар л гэхэд 12 хүний амь эрсдэж, олон мянган хүн угаартсан гэсэн дуудлага өгч байсныг мартах учиргүй. Тухайн үед ердийн зууханд сайжруулсан түлшийг хэрэглэх боломжгүй биш боломжтой хэмээн албаныхан мэдээлж, хамгийн гол нь иргэд зуухаа сайжруулж, галлагаагаа зөв хийх ёстой гэв. Гэтэл иргэд мэдээлэлгүйгээсээ болж асуудлууд удаа дарааллан гарсаар байв. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан гэр хорооллын айл өрхөөр явж түлшийг зөв хэрэглэх, зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажилласан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээлэл түгээв.

Түүнчлэн 2020 оны 4-р сарын байдлаар гэр хорооллын айл өрх бүрт угаарын хий мэдрэгч тарааж дуусахыг мэдэгдсэн. Гэхдээ энэ нь албан бүртгэлгүй иргэдийг хамарч байна уу? Ирэх өвөл гэхэд шинээр нүүж ирэх, өрх тусгаарлах иргэдийг бодолцон тооцсон уу? гэх мэт асуултууд гарна. Утаа багатай шахмал түлшийг цаашид зөвхөн нийслэл хот төдийгүй аймгийн төвүүдэд нэвтрүүлэхээр төлөвлөж буй тул эдгээр болон бусад эрcдлүүдээс сэргийлэх, угаартах тохиолдол дахин гарахгүй байх баталгаа байна уу?  

Дүгнэн хэлэхэд

Агаарын бохирдолтой хийж буй тэмцлийн тэргүүлэх зорилго бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах. Гамшгийн түвшинд хүрээд байсан агаарын бохирдлоос амь нас, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нэг ч осол эндэл гаргахгүй байхаас сэргийлэх шаардлагатай. Ингэхдээ судалгаа, туршилтуудыг хангалттай сайн хийж, мэдээлэл, зааварчилгааг өрх бүрт хүргэсний дараагаар хэрэгжүүлэх нь чухал. Гэтэл тэгээгүй, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болсон.  

Эндээс харахад “Сайжруулсан зуух”, “Сайжруулсан түлш” хоорондын уялдаа байгаагүйгээс гадна судалгаа, туршилт сайн хийгдээгүй, иргэдийг мэдээллээр бүрэн хангаагүйгээр хэрэглээнд нэвтрүүлсэн явдал нь эрсдлийг дагуулсан гэж харж байна. Уг нь зуухаа, түлшээ иж бүрэн шийдээд явсан бол утаанаас салах боломж байсан уу гэвэл байсан. Ийнхүү нэг ажлыг хоёр том ажил болгожээ.

2019 оны 10-р сарын 1-с 2020 оны 4-р сарын 1-ний хооронд хэрэгжсэн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусч урин цаг ирж байна. Энэ үед бид өнгөрсөн өвлийн ажилдаа дүн тавин ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргах нь чухал. 

Цаашид бид агаарын бохирдлыг үүнээс ч илүү хэмжээнд бууруулж, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй уг бохирдлыг багасгахын төлөө хамтын оролцоотойгоор тууштай ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд юу хийх ёстой вэ?

- Агаарын бохирдлыг бууруулах үйлсэд улс төрждөггүй, өмнөх төр засгийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлдэг төрийн залгамж халаа нэн чухал. Ингэж байж л бид урт хугацаандаа үр дүнд хүрнэ.

- “Сайжруулсан” нэртэй хөтөлбөрүүд Монголчуудын хувьд шинэ байсан бөгөөд бидний уламжлалт галлах аргаас өөр тул хүний алтан амийг эрсдүүлэхгүйн тул хэрэглээнд нэвтрүүлэхээсээ өмнө иргэдэд хангалттай мэдээлэл өгч сургалтуудыг хийх хэрэгтэй. Хандлагыг өөрчлөхөд хугацаа хэрэгтэй гэдгийг үргэлж санах учиртай.

- Агаарын бохирдлыг үр дүнтэй бууруулахад цогц төлөвлөгөө хэрэгтэй тул авах арга хэмжээнүүдийн зөв төлөвлөлт, хоорондын уялдаа холбоо чухал.

- Улс төр, нийгэм, эдийн засгийн ямар ч нөхцөлд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлж, хөрөнгө оруулалт хийх нь үр дүнтэй.

Баян ядуу, залуу хөгшин та бидний хэн байх нь хамаагүй БИД НЭГ Л АГААРААР АМЬСГАЛДАГ. АМЬСГАЛАХ ЦЭВЭР АГААРТАЙ, АЗИЙН ЦАГААН ДАГИНА БОЛОХ ҮЙЛСЭД БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО, САНААЧИЛГА ЮУ ЮУНААС ИЛҮҮ ЧУХАЛ.


[1] Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол, 2019.01.31

[2] Дэлхийн банк ,“Улаанбаатарын агаарын чанарын дүн шинжилгээ” (2011)

 [3] Агаарын чанар, www.agaar.mn

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.