Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Дөрвөн цаг” хэмээх энэхүү шүлгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Харамсалтай нь Улаанбаатар хотод маань хаврын улирал айлчлан ирэхэд хүний сэтгэл тэнийх битгий хэл, цэвэрлэх байгууламжийн “анхилуун” үнэр үе үе хамар таслах дөхөх нь хавар болсныг зарлан буй мэт. Хаа хамаагүй “биеэ засчихдаг”, үүнийгээ “хээгүй” гэдэг үгээр цайруулаад орхидог Монголчуудын хувьд элдэв янзын шээс баасны үнэр ойрын хэдэн жилээс бий болсон зүйл биш бөгөөд 1930-аад оны үед Д.Нацагдорж яруу найрагч маань “Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, баасны үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг нэгэн зэрэг шатаавч үл дарагдмаар” хэмээн “Ламбагуайн нулимс” зохиолдоо бичсэн байдаг. Харин өнөө үед “Хаврын цагт Улаанбаатар хотын шээс баасны үнэр нь ганган бүсгүйчүүдийн үнэтэй брэндийн сүрчигийг хэдэнтээ цацавч үл дарагдмаар” гээд бичсэн ч худлын туйлд лав хүрэхгүй байх.
Ийнхүү жил бүр урин цаг наашилж, өвлийн зузаан куртикээ хаврын ганган пальтогоор солих үед бидний санааг зовоосон нэгэн тулгамдсан асуудал “газраас” гарч ирдэг. Энэ бол ХӨРСНИЙ БОХИРДОЛ юм.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс хаврын улирал наашилж буйтай холбогдуулан 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн “ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ЭСРЭГ АЯН”-г эхлүүлж байна. Бид энэхүү аяныхаа хугацаанд уг чиглэлээр шинжилгээ, судалгаа хийдэг судлаачид, бодлогын түвшинд шийдвэр гаргагчид, түүнчлэн бизнес эрхлэгчидтэй уулзан ярилцаж, эдгээр уулзалтаас гарсан санал хүсэлтийг нэгтгэн 5 дугаар сарын эхээр хөрсний бохирдлын талаарх олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Бид энэхүү аяныхаа үйл явцын талаарх мэдээллийг цаг тухайд нь өөрсдийн цахим хуудас болох www.nogoonhutuch.mn -д байршуулах болно.
Сонирхсон хувь хүн болон судлаачид, бизнес эрхлэгчид Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Холбогдох утас: 11-321927
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)
сэтгэгдэл