Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь 2017 онд тогтвортой хөгжил, ногоон өсөлтийн үзэл санааг дэлхий дахинаа түгээх зорилго бүхий Лондонд төвтэй “Ногоон эдийн засгийн холбоо” (Green Economy Coalition)-ны гишүүн ба Монгол Улс дахь түнш байгууллага болсон юм.
Энэхүү төслийн хүрээнд бид оролцоонд тулгуурласан чанарын судалгааны аргыг ашиглан гэр хорооллын иргэдэд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, шийдлийг хамтдаа эрэлхийлэх зорилготой “Бидний оролцоот шийдэл” аяныг 2018 оны 10 дугаар сард эхлүүлсэн юм. Оролцоонд тулгуурласан чанарын судалгаа нь судлаачдын ямар нэгэн төсөөлөл, таамаглалгүйгээр зорилтот бүлгийн хүмүүс асуудлаа өөрсдөө тодорхойлж шийдлийг ч бас өөрсдөө хайж олдоход дэмжлэг болдгоороо онцлог билээ.
Судалгааны зорилтот бүлгээр бид Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 6-р хэсгийг байршил, хүн ам, хорооны үйл ажиллагаа зэргийг харгалзан үзэж сонгосон. Чингэлтэй дүүргийн 6-р хэсэг нь та бидний мэдэхээр “Дэнжийн мянгын цагаан байр”-уудаараа алдартай төдийгүй хотын А зэрэглэлийн бүсэд хамаарагдана.
2018 оны 11, 12-р сард судалгааг явуулж нийт 54 өрх хамрагдсан ба чөлөөт ярилцлагын арга ашиглан иргэдэд тулгарч буй асуудлуудыг нэгтгэн зураглал бий болгож, түүнээс асуудлуудын шалтгаан, үр дагавар, хоорондын харилцан уялдаа зэргийг тодорхойлов.
Иргэдтэй хийсэн чөлөөт ярилцлагын үр дүнд гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдол, хог, үнс ил задгай хаях зэрэг асуудлууд тулгамдаж буй асуудлуудаар тодорсон. Судлаачдын гаргасан зураглалын үр дүнгээс харахад иргэдийн харилцаа, хөршийн холбоо сул байгаа нь ажиглагдсан ба хөршийн холбоог сайжруулснаар зарим асуудлуудыг шийдэж чадна гэж бид харж байгаа билээ.
Бидний дараагийн ажил судалгааны үр дүнг бодит үйлдэл болгох явдал юм.
сэтгэгдэл