"Яг л дайны талбар мэт": Дэлхийн хамгийн бохирдсон хотын амьдрал

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өвлийн улирал айлчлан ирэхэд хоёр зүйлс ажиглагдана. Эхнийх нь “чөмөг царцам” хүйтэн бөгөөд 1 дүгээр сард -40 хэм хүрэх нь энгийн үзэгдэл болсноор манай нийслэл дэлхийн хамгийн хүйтэн хотоор тодорсон билээ. Харин хоёр дахь нь бидний хоолойг хорсгож, заримдаа метрийн цаадахыг ч харах боломжгүй болгож агаар мандалыг өлгий мэт бүрхээд авдаг хорт, өтгөн утаа юм. Үнэн хэрэгтээ Улаанбаатар хот нь Бээжин, Шинэ Дели хотоос ч илүү агаарын бохирдол ихтэй юм. Үүгээр зогсохгүй агаарын бохирдол жилээс жилд нэмэгдсээр байна. “Монгол Улсын ногоон эдийн засгийн барометр”-т сүүлийн 20 жилд Улаанбаатар хотын хүн ам ойролцоогоор 3 дахин нэмэгдэж, манай улс хотжиж буйг тусгасан. Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх хэсэг, ялангуяа гэрт амьдардаг хүмүүс хүйтэн цаг агаартай тэмцэхийн тулд хямд нүүрсийг сонгосоор байна.

Тэгвэл агаарын бохирдол хамгийн ихтэй хотуудын нэгт амьдрах ямар байдаг бол? Монголчууд болон хотын гадаад иргэд өдөр бүр хорт утаанд хэрхэн ажиллаж, амьдардаг вэ? Энэхүү асуултанд хариулахаар бид Улаанбаатар хотод түр болон бүрэн суурьшигчдаас өдөр тутмын амьдралынх нь талаар блог, сонингоос мэдээлэл цуглуулж, ярилцлага авсан билээ.

Бид Улаанбаатар хотын хамгийн их утаатай дүүргүүдийн нэгт байрлах нэгэн цэцэрлэгийн хоёр багшаас товч ярилцлага авсан юм. Хувийн мэдээлэл болон нууцыг хадгалах үүднээс хоёр багшийн нэрийг нууцлав.

А багш

“Би боловсролын байгууллагад 30 гаруй жил ажилласан. 12 болон 1 сард хүүхдүүдийн өвчлөлт ханиад томуу агаарын бохирдлоос шалтгаалж эрс ихэсдэг. Ерөнхийдөө хүүхдийн эсэргүүцэл муудаж байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй харшилтай хүүхдүүдийн тоо болон төрөл зүйл нь ихсэж байна. Манай зарим хүүхдүүд бүр өндөг, сүү, алим гэх мэтээс хоолны харшилтай болж байгаа. Ийм агаарт хүүхэд яаж эрүүл, дархлаа сайтай байх вэ дээ.

 Цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор витаминжуулж, аарц, чацаргана, жимс жимсэн бүтээгдэхүүн өгдөг. Мөн хүүхдийн хоолой зайлах, тасалгааг чийглэх, дасгал хөдөлгөөнтэй байлгах хүүхдийг витаминжуулах даалгавар болон чиглэлүүд байдаг.

Миний хувьд өвлийн улиралд маскгүй явахад бөөлжис хүрч, толгой өвдөж, хамар шархирдаг. Өвөл би өөрөө маск зүүдэг.

Агаарын бохирдлоос шалтгаалан хүүхэд эндэх, ураг амьгүй болох тохиолдол сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байна. Би өөр дээрээ хүртэл мэдэрсэн. Манай ангийн хүүхдийн ээж өнөө маргаашгүй төрлөө гэж байсан тэгсэн хүүхэд нь эндчихсэн байсан. 2,3 жилийн дараа манай бэрийн хүүхэд нь бас амьгүй болсон байсан. Эмнэлгээс агаарын бохирдлоос болсон гэсэн дүгнэлт гаргасан. Харин саяханаас хүүхэд утааны цагаар битгий тээ гэж засгаас тушаал гаргасан.”

Зургийн эх сурвалж: UNICEF Mongolia

Б багш

“Би цэцэрлэгт 5 дахь жилдээ ажиллаж байна. Жил бүрийн 11 дүгээр сараас эхлэн хүүхдүүд өвдөж эхэлдэг. Цэцэрлэгт ам зайлах, тараг, сүү уулгах болон жимс идүүлдэг.

Хотын төвөөс гэр хороолол руу ормогц утааны түвшин хэт өсөж, юм харагдахаа байдаг. Гэхдээ би утааны эсрэг маск зүүдэггүй.

Миний хүүхдүүд хотод байхаар дандаа хатгаа аваад, хамар нь битүүрээд, цэвэр агаарт гарахаар шал өөр болдог. Тэгээд хотод нь эм тариагаар бөмбөгдөөд, хөдөө гарахаараа л зүгээр болчихно.”

Ярилцлагын үеэр бидэнд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хангалттай анхаардаггүй мэт санагдсан юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хооллохоос өөр зүйл хийх шаардлагагүй мэт байх хандлагатай байдаг. А багшийн хэлж байснаар эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ асуудлыг чухал өөрсдийн асуудал мэт үздэггүй ба тэдэнтэй ярилцаж ойлголцохыг хичээдэггүй гэнэ.

Америк улсын иргэн

“Өвлийн улиралд Улаанбаатар хотод алхах нь яг л Холливүүдийн киноны дайны хэсэг дээр гардаг шиг л байдаг. Хаа сайгүй утаа. Тэр утаа хаашаа ч явалгүй тэндээ үлдэж, уушиг, хувцас, үс бүр хумсны завсар шигдэн орно. Энэ үнэр хотын хамгийн сайн агаар шүүгчтэй айлаас хүртэл үнэртдэг.

Америкчууд бид 1970 оны “Цэвэр агаарын тухай хууль”-д өртэй мэт санагддаг. Бараг 50 жилийн турш бид энэхүү хуулийн ачаар цэвэр, тунгалаг агаараар амьсгалж байна. Мэдээж ирээдүйд ч гэсэн энэ сайхан агаараар амьсгална гэж найдаж байгаа ч харамсалтай нь бидний ихэнх нь эдгээр хуулиуд бидний амьдралыг хэрхэн сайжруулсан гэдгийг ойлгоогүй байгаа байх. Би ч гэсэн Монголд ирэхээс өмнө үүнийг сайн ойлгоогүй байжээ.

Монголд ирж үзэхээс өмнө нь би цэвэр агаарын үнэ цэнийг мэдрээгүй явжээ. Харин одоо бол хүн ам өдрөөс өдөрт ихсэж буй энэ дэлхийд бохирдоогүй газар гэдэг аль хэдийн байхгүй болсон байна. Бидний өөрсдийн хичээл зүтгэлгүйгээр унаган байгаль гэдэг оршин тогтнохгүй юм билээ.”

Энэтхэг улсын иргэн

“Ихэнхдээ манай ажлын өрөөний цонхоор Улаанбаатар хотыг тойрсон орой нь цасаар хучигдсан сүрлэг сайхан уулс харагддаг. Агаарын бохирдол ихтэй өвлийн саруудад тэнгэрийн хаяа зузаан саарал-бор утаавтар манангаар бүрхэгдсэн байдаг.

Утаа ихтэй өдрүүдэд гадуур алхахад маш их ханиалгадаг. Зарим машинууд өглөө 10 цагт утаа ихтэй учраас зам харахын тулд урд гэрлээ асаагаад явж байсныг би харж байсан. Манайд ажилладаг Австрали эмэгтэй зориулалтын шүүлтүүртэй маскгүйгээр гадаа алхдаггүй. Хүмүүс ихэвчлэн түүнийг масктай явахыг хараад шоолж инээдэг ба зарим хүүхдүүд зургийг нь хүртэл дарсан байдаг. Гэхдээ тэр эмэгтэй агаарын бохирдол ямар нэгэн урт хугацааны өвчлөл үүсгэхээс маш их санаа зовдог гэдгээ надад хэлж байсан. Тэгвэл Монгол хүмүүс, энд төрөх ирээдүйн хүүхдүүд нь яах болж байнаа?”

Япон улсын иргэн

“Улаанбаатар хот агаарын бохирдол маш ихтэй. Өвлийн улирал хамгийн хэцүү нь. Машинаар зочид буудал руугаа явах 20 минутын хооронд миний хоолой маш их хорсож өвддөг.”

Ямар ч улсын иргэн өвлийн улиралд Улаанбаатар хотод зочилох нь тийм ч таатай бус. Утааны хурц үнэр, үзэгдэх орчны хязгаарлагдмал байдал, хоолой хорсгох утаа хэнд ч таалагдахгүй. Монголд түр хугацаагаар амьдарч буй хүмүүс агаарын бохирдлын нөлөөг тийм ч хурцаар мэдэрдэггүй байх. Гэвч утааны гол золиос болсон иргэд бидний эргэн тойронд хаа сайгүй байна. Амьдрахын тулд гал түлж буй гэр хорооллын иргэд хорт утаанаас болж гэдсэн дэх ургаа алдаж байгаа нь ямар гунигтай хэрэг гээч.

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.