Цөлжилт

Эх сурвалж: БОАЖЯ-ны Цөлжилтийн мэдээллийн сан

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцод тодорхойлсноор

“Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ."

Байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөллөөс бий болох хөрс доройтох, цөлжих нь газрын үр шим муудах, элэгдэл эвдрэлд орох, бохирдох, бэлчээр талхлагдах, биологийн болон эдийн засгийн бүтээмж багасах үзэгдэл юм.

Хуурай эрс тэс уур амьсгалтай монгол оронд цөлжилт, газрын доройтол газар нутгийн нэлээд хэсгийг хамарч байгаа бөгөөд хүчтэй, нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлийн хамрах хүрээ улам тэлсээр байна. БОАЖЯ-ын мэдээллийн дагуу 2015 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 64.7 %-д нь цөлжилтийн үйл явц илэрч, харин газрын доройтол 12.2 %-д нь явагдаж байна.

БОАЖЯ-ны  Цөлжилтийн мэдээллийн сан (https://eic.mn/DLDbase/)

Цөлжилт газрын доройтлын төлөв (2015 оны байдлаар)

Зураг 1: БОАЖЯ-ны  Цөлжилтийн мэдээллийн сан (https://eic.mn/DLDbase/)

Зураг 1 -ээс  харахад нийт нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг буюу 76.9 % нь цөлжилт, газрын доройтолд өртсөн ба үүнд өмнө болон дорно говь хэсгийн нутаг, их нуруудын хотгор, их нуруудын Бурундийн хөндий хамрагдаж, мөн Орхон-Сэлэнгэ, Хэрлэн голын сав газар, дорнод Монголын хээрийн муж, төв халхын тэгш өндөрлөгийн хэмжээнд хөрсний доройтол нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд авч үзвэл, цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд Говь Сүмбэр аймгийн нутаг дэвсгэрийн 62.8%, Дорнод 43.5 %, Сүхбаатар 31.1%, Дундговь 27.9%, Өмнөговь 17.5% тус тус хамрагдаж байна.

Цөлжилт хүчтэй илэрсэн газар дахь хүчин зүйлийн нөлөөллийн хувьд байгалийн хүчин зүйлийн нөлөө 53%, хүний үйл ажиллагааны нөлөө 47% байдаг.

Хүний буруутай үйл ажиллагааны нөлөөлөл

Цөлжилтөд ой модны хууль бус ашиглалт, хүнд үйлдвэрүүд, хөрс хуулалт, элс, хайрга олборлолт, уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа байдал, бэлчээрийн газрын талхагдал, мал сүргийн бүтцийн тэнцвэртэй байдлын алдагдал, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, хөрсний бохирдол зэрэг нь газрын доройтол, цөлжилтөд нөлөөлдөг.

Эдгээрээс онцлоход 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш модны хууль бус наймаа, ойн түймэр, уул уурхайн үйл ажиллагаа, түлшинд зориулж зөвшөөрөлгүй ашиглах зэрэг нь ойн бүсийн нутгийн ихээр доройтолд оруулсан ба ойн модны хэрэглээг зөвшөөрөгдсөн  хэмжээнээс 4 дахин их болоход хүргээд байна.

Мөн монгол орны мал сүрэг жил ирэх тусам тогтвортой өсөж 2018 он гэхэд 66,5 сая толгойд хүрсэн ба энэ нь бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглахад хүргээд байна. Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглана гэдэг нь хөрснөөс дээш цухуйсан ургамлыг нөхөн төлжих чадваргүй болтол нь идэж дуусгаснаас ургамлын үндэс нь үхжиж, бүрмөсөн устахыг хэлдэг. Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгийн мэдээллэсэнээр 2017-2018 онд монгол улсын нийт бэлчээр нутгийн талаас илүү хувьд бэлчээрийн даац 2-5 дахин, бүр түүнээс ч олон дахин хэтэрсэн байсан бол 2018-2019 онд нийт газар нутгийн 37% -д бэлчээрийн даац хэтэрсэн байна. Олон жил бэлчээрийн даацыг ийнхүү хэтрүүлэн ашиглаж талхагдуулсан нь цөлжилтийг улам эрчимжүүлээд байна.

Бэлчээрийн даацын зураг (2018 оны 8 дугаар сарын 24)

Зураг 2: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

- 42% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

- 21% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

- 23% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

- 5% нь 301-500 хувь         (даац 3-5 дахин хэтэрсэн)

- 9% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Байгаль орчны хүчин зүйлийн нөлөөлөл

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр 2014 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн дунджаар сүүлийн 75 жилд газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.10С  градусаар дулаарсан, жилд орох хур тунадасны хэмжээ 7%  орчим буурсан байна. Эндээс харахад манай оронд гандах, хуурайших процесс эрчимтэйгээр явагдаж хуурайшилтын индекс буурах хандлагатай байна. Мөн дунджаар хангайн бүсэд 10 жилд 1-2 говийн бүсэд 2 жилд  1 удаа, харин хээрийн бүсэд 3 жилд 1 удаа болдог ган, хөрсний усаар болон салхиар эвдрэх өөрчлөгдөх байдал нөлөөлдөг байна.

 “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”

Манаa орон НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсноос хойш Монгол Улсын Засгийн Газраас 2010 онд баталсан 3дахь хөтөлбөр буюу “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т үндэсний хэмжээний цөлжилтийн үнэлгээ, зураглалын ажлыг 5 жил тутамд гаргаж Засгийн газарт тайлагнахаар тусгажээ. Энэхүү зорилтын хүрээнд 2010, 2015 онд үндэсний хэмжээний цөлжилтийн үнэлгээг хийсэн.

Цөлжилт, газрын доройтлын төлөв байдал, үйл явцыг судлан, цөлжилтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоож түүнд үнэлгээ өгөх, зураглах, түүний цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь газрын элэгдэл эвдрэлийг бууруулах, цөлжилтийн үйл явцыг сааруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нэн чухал шаардлагатай юм. 

Санал болгох