Хөгжлийг хэмжих ба чиглүүлэх

Манай зах зээл, эдийн засгийг удирдаж буй олон байгууллагууд хүн ам цөөрсөн, зах зээл илүү баригдсан, байгалийн баялаг элбэг байсан өөр эрин үеийн соёлоос суралцаж, хуулж бий болсон. Өнөөгийн хөгжлийн гол хэмжүүрүүд аливаа улсын эдийн засаг, хөгжлийг зөв, бодитоор үнэлж чадаж байна уу?

Дэлхийн Банкны судлаачид засаглалыг улс оронд эрх мэдлийг хэрэгжүүлэх уламжлал болон институци хэмээн тодорхойлж зорилгоос нь хамааран олон үзүүлэлтэнд оруулсан байна.

  1. Засаг төрийн байгууллагуудыг сонгох, хянах, сольж өөрчлөх үйл явц
  2. Үр нөлөө бүхий бодлого боловсруулж, хэрэгжүүлэх засаг төрийн чадвар
  3. Иргэд хоорондын эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулах институцийн төлөвшил

Эх сурвалж: Stockholm Resilience Center, Стокгольм Их Сургууль

Манай санхүүгийн байгууллага, банкууд, статистик, зохицуулалт, худалдааны байгууллагууд, тэр байтугай манай төрийн байгууллагууд ч нийгмийн дэвшил, хүрээлэн буй орчны эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдлын хоорондын уялдаа холбоог даван туулахын тулд тэмцэж байна. Товчхондоо манай байгууллагууд экологийн системийн эрсдэлийг даван туулах чадамжгүй.

ДНБ-ний хувьд цаад утгаараа гэмт хэрэг, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг нь эдийн засгийн өсөлт хэмээн тооцогддог. Учир нь тоон утгаар харвал ДНБ их байх тусам тухайн улс орны эдийн засаг өсөлттэй хэмээн үзэгддэг ч, чанарын хувьд ДНБ-ийн хэмжээ их байх тусам тухайн орны иргэд сайхан амьдарч байгаа гэсэн үг биш юм. Хэдийгээр ДНБ нь хөгжлийн гол хэмжүүрүүдийн нэг боловч, орлогын тэгш хуваарилалт, иргэний сайн сайхныг илэрхийлэх боломжгүй байдаг. Тиймээс ч хүүхэд, ахмад настныг асрах чиг үүргийг үл тоомсорлож, орлогын хуваарилалтыг дурдах шаардлагатай байна. Бид байгалийг хамгаалж, сайн сайхан байдлыг сайжруулах шинэ хэмжүүрүүдийг нэвтрүүлэхийн тулд ДНБ болон ашгийн хэмжээнээс илүү гарах хэрэгтэй байна.

      Сүүлийн хэдэн арван жилд тогтвортой байдлын янз бүрийн индексүүд олширч байгаа боловч ихэнхийг нь тусад нь, өөр өөр зорилгоор боловсруулсан байна. Улсын засаглал, хөгжлийг хэмжихэд байгальд аюулгүй, нөхөн сэргээгдэх эдийн засгийн байдлыг тусгах нь зайлшгүй шаардлагатай байна. 

НЭЗХ-оос Санхүүгийн байгууллагууд, үндэсний статистикийн хороод, засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, хөгжлийг зөв хэмжин үндэсний болон орон нутгийн үйл ажиллагааны янз бүрийн түвшинд өөрчлөлтийг бий болгоход анхааран ажиллаж байна.

Тэгвэл ямар хэмжүүр бидний нөхцөл байдлыг илүү бодитоор тусгаж чадах вэ?

Тэгш, хүртээмжтэй, иргэний сайн сайхныг тусгасан хөгжлийн хэмжүүрийг бий болгоход чухал алхам болгож 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)-г баталсан билээ. ТХЗ нь 17 зорилго, 169 зорилт, 244 үзүүлэлттэй ба 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

 

Эх сурвалж: Ногоон хөгжлийн бодлого, БОАЖЯ

"Хэнийг ч орхигдуулахгүй байх"-ыг гол зарчимаа болгосон ТХЗ-ын нийт 244 шалгуур үзүүлэлтээс Монгол Улсад хамааралгүй 11 үзүүлэлт байна. (далай тэнгисийн нөөцтөй холбоотой болон халуун оронд элбэг тохиолдох өвчин гэх мэт) 2019 оны 1-р сарын байдлаар 233 шалгуур үзүүлэлтээс 118 шалгуур үзүүлэлтийн мэдээллийг тооцож гаргасан байна. 

ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад хэн ямар оролцоотой вэ?

ТХЗ-ыг хэрэгжилтийг хангахад улс орнуудын засгийн газар, яамд, төрийн бусад байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, холбогдох бусад байгууллагууд болон иргэд оролцоно.

ТХЗ нь ногоон хөгжил тэр дундаа ногоон эдийн засагтай хэрхэн холбогдож байна вэ?

Тогтвортой хөгжил бол дэлхий нийтийн урт хугацааны зорилго юм. Өөрөөр хэлбэл ганцхан хүн төрөлхтөн төдийгүй бидний амьдарч буй эх дэлхий, түүн дээр орших бусад төрөл зүйлийн эрүүл энх, тогтвортой байдлыг урт хугацааны турш хангахын тулд бидний биелүүлэх ёстой 17 зорилгыг хэлнэ.

Тэдгээр зорилгод хүрэх арга замын нэг нь ногоон хөгжил, ногоон эдийн засаг билээ.

Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох зорилгыг манай улс урдаа тавиад байгаа билээ. Ногоон хөгжлийн бодлого нь 6 стратегийн зорилттой ба үйл ажиллагааны хэрэгжилтийн 1,2 дугаар үе шатанд гаргасан ахицыг 14 шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.  

 

 

 

Санал болгох