Тэгш бус байдал

Тэгш бус байдал буюу өөрийн нийгмийн статус, эрх чөлөө, боломж бололцоог бусдаас ялгаатайгаар хүлээн авах явдал нь ямар ч нийгмийн шударга ёсны гол асуудал болдог. Тэгш бус байдал нь зөвхөн ёс суртахууны асуудал биш юм. Орлогын тэгш бус байдлаас гадна хөрөнгийн тэгш бус байдал Монгол Улсад төдийгүй дэлхий дахины толгойн өвчин болж байгаа билээ. 2018 онд Oxfam олон улсын байгууллагын зүгээс гаргасан судалгаанаас[1] харахад дэлхийн хамгийн баян 26 хүмүүс 3,8 тэрбум ядуучууд буюу хүн амын тэн хагастай ижил хэмжээний хөрөнгийг эзэмшдэг байна.

Үүнээс гадна тэрбумтнуудын хөрөнгө 2018 онд нэг өдөрт 2,5 тэрбум доллараар өссөн төдийгүй 2017-2018 онд шинээр төрсөн тэрбумтны тоо 2 өдөр тутамд нэгээр нэмэгдсэн байна.

Дэлхий дахинд тэрбумтнуудын тоо ихсэж байхад нөгөө талд нийт хүн амын 50 орчим хувь буюу 3,4 тэрбум хүмүүс өдрийн 5,5 доллараас бага орлоготой амьдарч байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, 2018

Монгол Улсын хувьд 2018 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын хамгийн чинээлэг 20 хувь нийт хэрэглээний 41 хувийг дангаараа эзэлж байна. Харин хамгийн ядуу 20 хувь нь нийт хэрэглээний 7 хувийг эзэлж байгааг Үндэсний Статистикийн Хорооны мэдээллийн нэгдсэн мэдээллийн сангаас харж болно. Хот болон хөдөө орон нутаг дахь хүн амын хэрэглээний бүтэц ийнхүү ойролцоо байгаа нь Монгол Улсад хөрөнгийн тэгш бус хуваарилалт явагдаж байгааг харуулж байна. 

Ногоон эдийн засаг гэдэг нь байгальд ээлтэйгээс гадна нийтэд хүртээмжтэй буюу нийгмийн ямар ч бүлгийн хүмүүсийг хамруулсан эдийн засгийг хэлнэ. Тийм учраас ч ногоон эдийн засаг нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүс ялангуяа нийгмээс гадуурхагддаг бүлэг хүмүүсийн дуу хоолойг шийдвэр гаргалтад тусгах явдлыг нэн тэргүүнд тавьдаг билээ. Ногоон эдийн засгийн холбооны зүгээс ядуу иргэд, ажилчид, албан бус бизнес эрхлэгчдийн дуу хоолойг бодлого гаргагчдад хүргэхийг зорилгоо болгож байгаа билээ. Бид ганц удаагийн уулзалт, цуглаанаар энэ бүхнийг шийдэхгүйгээр иргэдийн оролцоог тогтмол хангаснаар зорилгодоо дөхөж очиж чадах юм.

Ногоон эдийн засгийн холбооны гишүүн байгууллагууд нийгмийн болон байгаль орчны зорилтуудыг төрийн бодлого, стратеги төлөвлөгөөний гол цөм болгохоор өөрсдийн засгийн газруудтай хамтран ажиллаж байгаа билээ. Бид засгийн газруудыг байгалийн баялгийн хүртээмж, хэрэглээ, засаглалыг иргэдийн төвшинд шилжүүлэх явцыг дэмжихийг шаардаж ажиллаж байна.

Иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн оролцоог дэмжих, улмаар эрэлт, хэрэгцээнд тулгуурласан аргаар төрийн бодлогод нөлөөлөх нь Монгол Улсад чухал ач холбогдолтой билээ.

Ногоон эдийн засгийн холбооны Монгол Улс дахь гишүүн байгууллага болох Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн (ЭЗБӨЧСТ) зүгээс иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготойгоор олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь “Бидний оролцоот шийдэл” аян билээ. Аяны дэлгэрэнгүй мэдээллийг Та эндээс авна уу.


[1] (https://oxfamilibrary.openrepository.com/bitstream/handle/10546/620599/bp-public-good-or-private-wealth-210119-summ-en.pdf?utm_source=indepth)

Санал болгох