Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өсч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 2010 оноос хойш тогтмол нэмэгдэж, 2019 онд нэг хүнд ногдох ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, 2010 оноос 1.6 дахин нэмэгдсэн[1] сайн үзүүлэлттэй байсан бол дэлхий дахинаа тархаад буй COVID-19 цар тахлын улмаас ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар буурсан[2]. Аливаа улс орны эдийн засгийн өсөлт нь хэр хүртээмжтэй байгааг эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хүн бүр оролцож, үр шимийг нь хүртэх тэгш боломжоор хангагдсан эсэхээр тодорхойлох боломжтой байдаг. Харамсалтай нь манай улсын хувьд эдийн засаг тогтвортой өссөн жилүүдэд ч хүн амын амьжиргааны түвшин дээшлэхгүй, ядуурал төдийлөн буурахгүй байна.
Монгол Улсын ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг улс, бүс, суурьшлын түвшинд хамгийн сүүлд 2018 онд нарийвчлан тооцоход Монгол Улсын нийт хүн амын 28.4 хувь нь ядуу буюу үндэсний ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байна[3] гэсэн тооцоолол гарсан. Ядуурлыг тодорхойлогч бусад хэмжигдэхүүнүүд болох ядуурлын гүнзгийрэлт 7.2%, ядуу хүн амын дундах хэрэглээний ялгаатай байдал буюу тэгш бус байдлыг харуулдаг ядуурлын мэдрэмжийн индекс 2.7% байгаа нь ядуучуудын дунд тэгш бус байдал байгааг харуулж байна[4]. Ажилтай хэр нь ядуурлын түвшинд амьдарч байгаа хүн амын эзлэх хувь сүүлийн жилүүдэд тэр дундаа 2010-2014 онд огцом буурч байсан бол эдийн засгийн хямралаас үүдэн өсөж эхэлсэн. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2018 оны дүнгээр хөдөлмөр эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь ажилтай ядуу гэсэн ангилалд багтаж байна[5]. Түүнчлэн манай улсын нийт хүн амын гуравны хоёр нь амьдардаг хот суурин газарт ядуурлын төвлөрөл нэмэгдэж байна. 2018 оны байдлаар хот суурин газар болох Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд нийт ядуучуудын 63.5 хувь нь амьдарч байсан бол хөдөөд харьцангуй бага буюу хөдөө нутагт нийт ядуучуудын 18.1 хувь нь, сумын төвд нийт ядуучуудын 18.4 хувь нь амьдарч байна[6]. Ядуу хүмүүсийн дийлэнх нь сургуулиас завсардсан эсвэл бүрэн дунд, түүнээс бага боловсролтой байна. Хүн амын хамгийн чинээлэг 20 хувийн өрхийн нэг хүнд ногдох сарын орлого нь ядуу 20 хувьд хамаарах нэг хүнд ногдох сарын орлогоос 6 дахин их байгаа бол хэрэглээний дундаж хэмжээ ядуу 20 хувийнхнаас 5 дахин их байсаар байгаа нь хүн амын дундах хэрэглээний тэгш бус байдал буурахгүй байгааг илтгэж байна. Мөн хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох жини коэффициент бараг өөрчлөлтгүй хэвээр байна. Улсын хэмжээнд жини коэффициентээр тэгш бус байдлыг хэмжихэд 2010 онд 0.33, 2012 онд 0.34, 2014 онд 0.32, 2016 онд 0.32, 2018 онд 0.33 хувь тус тус[7] байсан бөгөөд жини коэффициент бараг хөдөлгөөнгүй байгаа нь манай улс дахь тэгш бус байдлын түвшинд бууралт гараагүйг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд ажиллагчдын тоо өсөж байгаа хэдий ч ажилгүй иргэдийн тоо дорвитой буурахгүй, мөн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэхгүй байна. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2019 онд 54.4 хувьтай байгаа нь 2016 оноос 0.1 пунктээр буурсан байна[8]. Хүн амын тоо жилээс жилд өсөж байхад хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурч буй байдал нь эдийн засаг хөдөлмөрийн насны хүн амынхаа хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг хүртээмжтэй хангаж чадахгүй байгааг илэрхийлж байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2019 онд 60.5 хувь байгаа нь 2016 оны түвшинд байна[9]. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс доогуур байна. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх боломж эрэгтэйчүүдийнхээс бага байгааг илэрхийлж байна.
Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн үр өгөөж хүн амд хүртээмжтэй байж ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй байна. Энэ нь манай улсад нийгмийн тэгш хүртээмж муу байгааг илтгэж байна.
[1] Монгол Улсын статистикийн үндэсний хороо. (2020). “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” 2016-2019 оны танилцуулга. Уб. х.21
[2] Монгол Улсын статистикийн үндэсний хороо. (2020). “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” 2016-2019 оны танилцуулга. Уб. х. 22
[3] Монгол Улсын статистикийн үндэсний хороо, Дэлхийн банк. (2020). Ядуурлын дүр төрх 2018.Уб. х.17
[4] Монгол Улсын статистикийн үндэсний хороо. (2019). Монгол Улсын статистикийн эмхэтгэл. Уб. х.9
[5] Монгол Улсын статистикийн үндэсний хороо. (2020). Орлого, хэрэглээний тэгш бус байдал. Уб. х.17
[6] Монгол Улсын статистикийн үндэсний хороо, Дэлхийн банк. (2020). Ядуурлын дүр төрх 2018.Уб. х.18
[7] Монгол Улсын статистикийн үндэсний хороо. (2020). Орлого, хэрэглээний тэгш бус байдал. Уб. х.21
[8] Монгол Улсын статистикийн үндэсний хороо. (2019). Монгол Улсын статистикийн эмхэтгэл. Уб. х.7-8
[9] Монгол Улсын статистикийн үндэсний хороо. (2020). Дотоодын нийт бүтээгдэхүүн.Уб.х.6
сэтгэгдэл