Даавуун тороо удаан хугацаанд гамтай хэрэглэцгээе!

2016 онд Франц улс нэг удаагын халбага, сэрээнээс татгалзаж, Морокко улс гялгар уутын хэрэглээг хуулийн дагуу хориглосон. Түүнчлэн Европийн холбоо 2019 гэхэд гялгар уутныхаа хэрэглээг 80%-р багасгахаа амаласан билээ. Ийнхүү дэлхийн улс орнууд гялгар уутныхаа хэрэглээг багасгах зорилт тавин ажиллаж байхад манай Монголд гялгар уутны хэрэглээ өнөөг хүртэл өндөр байгаа нь харамсалтай.

2013 онд хийсэн судалгаагаар манай улсад жилдээ 55,9 сая ширхэг гялгар уут импортоор орж ирсэн байна. Үүнд бүртгүүлэхгүйгээр оруулж ирсэн, мөн гялгар уутанд савлагдсан бүтээгдэхүүнийг нэмбэл бүүр ч их тоо гарна. Улаанбаатар хотын нийт хэмжээнд гялгар уутыг дахин боловсруулах бүрэн ажиллагаатай үйлдвэр байхгүй тул бид хогоо Нарангийн энгэр, Улаан чулуут, Цагаан даваа гэсэн 3 том хогийн цэгэнд ачин хаядаг. Бидний хаясан уутнууд газрын хөрсөнд шингэхийн тулд ойролцоогоор 10-1000 жилийг зарцуулдаг байна.

Гялгар тор нь газрын тосыг гол түүхий эд болгон хэрэглэдэг тул, нэг удаа хэрэглэсэн уутаа шууд хаях нь ямар их хэмжээний байгалийн нөөцийг сүйтгэж, байгаль орчноо бохирдуулж байгаа нь ойлгомжтой юм.

Тиймээс байгалд ээлтэй дахин боловсруулж болох, байгалийн түүхий эдийг харьцангуй бага хэмжээгээр ашигладаг даавуун болон полиэтилен гэх бөөрөнхий цагаан эдээр хийгдсэн уут, торыг хэрэглэж занших нь чухал билээ.

Үүнээс гадна бидний хийж болох хамгийн чухал зүйл бол худалдаж авсан даавуун тороо гамтай, удаан эдлэж цаг, мөнгө, байгалаа хамгаалах явдал юм.

Эх сурвалж: http://www.mnb.mn/i/103494

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.