Ногоон уур амьсгалын сан (НУАС) Азийн хөгжлийн банкны (АХБ) уур амьсгалын өөрчлөлтийн чигэлэлээр Монгол, Камбож болон Тажикистан улсад хэрэгжүүлэх төслүүдэд 85 сая ам.долларын буцалтгүй тусламж, 105 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс бүрдэх нийт 190 сая ам.долларын санхүүжилт олгохоор баталлаа.
АХБ нь 2020 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр нэг жилд олгодог санхүүжилтээ 6 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж ажиллаж байгээ хэмээн мэдэгджээ. 2017 оны байдлаар АХБ нийт 4.5 тэрбум ам.долларын уур амьсгалын санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээс олгосон бөгөөд үүний 3.6 тэрбум нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад, 930 сая нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход олгогдсон байна.
НУАС-аас Монгол Улсад олгох 50 сая ам.долларын буцалтгүй тусламж, 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг АХБ болон бусад түнш байгууллагын 399 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих Улаанбаатар хотын гэр хороололд 100 га талбай бүхий эко хороолол барих болон төлбөрийн чадварт нийцсэн 10000 айлын ногоон орон сууц барьж байгуулах төслийг дэмжихэд хэрэглэнэ. Эко хороолол нь нүүрстөрөгч ялгаруулалт бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрахад таатай байхаар төлөвлөгдөж байгаа бол төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг байх юм.
сэтгэгдэл