Хөрсний бохирдолын эсрэг аяны хүрээнд ЭЗБӨЧСТ нь 2018 оны 4-р сарын 12-нд холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн алба, Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоо, “Улаанбаатар ариутгал” ХХК-ын төлөөлөл нар оролцлоо. Уулзалтын хүрээнд эдгээр байгууллагуудын үйл ажиллгаа, хөрсний бохирдлын өнөөгийн нөхцөл байдал, учир шалтгаан, хууль эрхзүйн байдал болон бууруулах арга замууд зэрэг өргөн сэдвийн хүрээнд ярилцав.
ТЭД ЮУГ ОНЦЛОВ??
УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн алба:
♦ Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ) маш хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна.
♦ ТЦБ-ийн ажилчдийн эрүүл мэнд ноцтой хохирч байна.
♦ Арьс ширний үйлдвэр, авто угаалгууд, өлөн болон ноосны үйлдвэрүүд, орон сууцны ахуйн бохирдол зэрэг маш олон төрлийн өндөр бохирдолтой ус шууд ТЦВ-д нийлүүлэгддэг.
♦ Анхан шатны цэвэрлэх байгууламж бараг ямар ч байгуулламжид (үйлдвэр, орон сууц гэх мэт) байдаггүйгээс болж ТЦБ-д маш их бохирдолтой ус нийлүүлэгддэг.
♦ Төв цэвэрлэхийн лагийг гадаа наранд хатаадаг нь орчны бохирдолыг үүсгэдэг. Харин ТЦБ-ийг өргөтгөснөөр битүү байгууламжтай болно.
♦ Зарим үйлдвэрүүд, машин угаалгын газрууд, орон сууцны суултуур зэрэгт ундны ус ашиглах бус ТЦБ-аас цэвэршүүлээд гаргаж буй бага зэргийн бохирдолтой саарал усыг ашиглаж болно. Гэвч бидэнд тийм дэд бүтэц байхгүй байна.
♦ Бохир ус нь механик, биологи болон халдваргүйжүүлэх гэсэн гурван байгууламжаар цэвэрлэгдэж байгаа ч гэсэн 50-60%-ийн бохирдолтой ус туул голруу цутгаж байна. Үүнээс болж цэвэрлэх байгууламжаас доошхи иргэд, амьтдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоо:
♦ Улаанбаатар хотод 27 арьс, ширний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас ихэнх нь “Харгиа” цэвэрлэх байгууламжийн орчимд үйл ажиллагаа явуулдаг.
♦ Арьс, ширний үйлдвэрүүд 1 м3 усанд ойролцоогоор 7000-8000 төгрөгийн 4 төрлийн хураамж, төлбөр төлдөг.
♦ 1934 оноос арьс ширний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хуучинтай харьцуулахад технологи сайжирч үйлдвэрийн бохирдол болон химийн бодисууд ашиглах явдал маш их багассан.
♦ Эцсийн бүтээгдэхүүн гаргахад 30-40 химийн бодис ашигладаг бол хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргахад 10 гаруй химийн бодис ашигладаг.
♦ Арьс, ширний үйлдвэрүүд хотоос гарахад ямар нэгэн татгалзах зүйлгүй. Харин дэд бүтцийг шийдэх шаардлагатай. Уг нь арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлтрүү гаргах төслийн ТЭЗҮ хийгдээд, хэрэгжиж эхлэх гэсэн боловч нам, засаг солигдоод энэ ажил зогслоо.
♦ “Харгиа” цэвэрлэх байгууламж технологи хоцрогдож, хүчин чадал хүрэлцэхгүй байгаа.
“Улаанбаатар ариутгал” ХХК:
♦ Манайх гэр хорооллын айлуудаар явж нүхэн жорлонгийн ариутгал хийдэг.
♦ Нэг удаагийн ариутгал 5,000₮ байдаг хэдий ч ариутгал хийлгэдэг айл маш цөөхөн байдаг.
♦ Гэр хорооллын айл жорлон болон угаадасны тусдаа нүхтэй байх ёстой.
♦ Гэр хорооллын айлууд тогтмол хугацаанд жорлонгоо ариутгуулж байх ёстой. Мөн ганц айл бус тэр орчмын бүх айлууд жорлонгоо ариутгуулснаар тухайн орчны бохирдол багасна.
♦ Цаашдаа айлууд эко-жорлонг хэрэглэмээр байна. Жорлонгийн бохирдолоо соруулаад байх ч боломжтой.
♦ Хамгийн том тулгамдсан асуудал нь ихэнх гэр хорооллын айлууд орлого маш багатай байна.
ЦААШИД ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС
♦ Цаашдаа гэр хорооллыг бууруулах, бууруулж чадахгүй юм аа гэхэд тэлэхгүй байх
♦ Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх
♦ Анхан шатны цэвэрлэх байгууламжуудыг байгуулах, дор хаяж дүүргүүдэд хэд хэдэн жижиг цэвэрлэх байгууламжийг байгуулах
♦ Арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтрүү гаргах төслийн санхүүжилтийг яаралтай шийдэх
♦ Машин засвар болон машин угаалгын газруудыг эмх цэгцэнд оруулах
♦ Гэр хорооллын айлуудыг жорлонгоо ариутгах болон соруулахыг шаардах
♦ Нийтийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа хүүхдүүдэд хөрс болон байгаль орчны мэдлэгийг олгох
шаардлагатай гэж уулзалтад оролцогчид үзэв.
1 сэтгэгдэл
туул гол руу бохироо хийхгүй өөр арга байлгаж болно доо