ТББ болон ОУБ-ын төлөөлөлтэй хөрсний бохирдолын талаар ярилцлаа

Хөрсний бохирдолын эсрэг аяны хүрээнд ЭЗБӨЧСТ нь холбогдох ТББ болон ОУБ-тай уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд "Нутгийн шийдэл сан", "UN-Habitat" болон "Wash action" ТББ-ын төлөөлөгч нар оролцлоо. Уулзалтын хүрээнд эдгээр байгууллагуудын үйл ажиллгаа, хөрсний бохирдлын өнөөгийн нөхцөл байдал, учир шалтгаан, хууль эрхзүйн байдал болон бууруулах арга замууд зэрэг өргөн сэдвийн хүрээнд ярилцав.

 

ТЭД ЮУГ ОНЦЛОВ??

 

Wash Action:

♦ Францын байгууллага 2009-2015 оны хооронд Сонгино-Хайрхан болон Баянзүрх дүүргийн 300 гаруй айлуудад эко-жорлонг байрлуулсан. Улмаар эдгээр айлуудаас ялгадасыг суллаж аваад бордоо хийдэг үйлдвэрийг байгуулсан. 2015 онд төслийн үйл ажиллагаа зогссон. 

♦Бид БСШУЯ-ны захиалгаар сургууль цэцэрлэгт ус, ариун цэврийн байгууламжийг хэрхэн сайжруулах талаар, АХБ-ны 1500 эко жорлон барих төсөлд мөн цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулах төсөл зэрэгт зөвлөгөө өгч ажиллаж байна.

♦  Бид сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлууд дээр илүү төвлөрч ажиллаж байна.

♦ Нэг үеэ бодвол жорлон болон бордооны талаар стандарт бий болсон. Гэхдээ стандарт хэтэрхий чанга байна. 2 жилийн өмнөх миний тооцоогоор энэхүү стандартын дагуу жорлон барихад 1,350,000₮ шаардлагатай.

♦ Иргэд жорлонгоо сайжруулах хүсэлтэй байдаг хэдий ч яаж сайжруулах талаар мэдээлэлгүй мөн санхүүгийн хувьд чадамжгүй байдаг. Иргэдийн хувьд жорлонгоо сайжруулахад дээд тал нь 500,000 хүртэлх төгрөгийг зарцуулж чадна гэдэг.

♦ Иргэдийн санхүүгийн боломжид тааруулсан хямд өртөгтэй жорлонг хийхээр стандартын шаардлагад хүрч чададгүй.

Нутгийн шийдэл сан:

♦ Нутгийн шийдэл сан нь “Жорлонгоо өөрчилье” аянг өрнүүлж, улс орон даяар сургалт сурталчилгааны ажил явуулж байна. Одоогийн байдлаар 21 аймаг, 9 дүүрэг болон бусад томоохон суурин газруудаар явсан.

♦ Сургалтаар ерөнхийдөө жорлонгоо одооноос сайжруулахгүй бол хөрс, усны бохирдол аюултай түвшинд хүрчлээ гэсэн дохиог хүмүүст хүргэж байна. Сургалт нь 8 лекц, 4 дадлага ажилтай. Нийтдээ 2000 гаруй иргэний үзэл бодол, шийдлийг санал асуулгаар аваад байна.

♦ Стандарт шаардлага хангахгүй, ойлгомжгүй байна. Бизнесийнхэнд хямд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Стандарт болон бизнес загвараа тодорхой болгоё.

♦ Иргэдийг сайн мэдээлэлжүүлэхгүй бол орчны бохирдолын талаарх мэдлэг маш муу байна.

♦Урт хугацаанд нөхцөл байдал сайжрахгүй. Нийгмийн бүхий л оролцогчид нэгэн зэрэг одооноос арга хэмжээ авч эхлэхгүй бол өөр арга байхгүй.

♦ Гэр хорооллын бүх жорлонг сорууллаа гэхэд төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэхгүй.

UN Habitat:

♦ UN Habitat нь НҮБ-ын барилга хот байгуулалттай холбоотой асуудлуудыг эрхэлсэн агентлаг. Бидний үйл ажиллагааны онцлог нь иргэдийн оролцоог идэвхжүүлдэг байгаа.

♦ Яг одоогоор хөрсний бохирдолтой холбоотой ямар нэгэн төсөл хэрэгжүүлээгүй байна. Харин өмнө нь гэр хороололд чиглэсэн цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан.

♦ Асуудлын хамгийн гол шалтгаан нь иргэдийн амьжиргаа байна. Иргэдийн орлого маш бага, ядуурал их байна.

 

ЦААШИД ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС

♦ Хороо бүрт эрүүл ахуйч ажиллуулж тухайн хорооны айл өрх, аж ахуй нэгжүүдэд орчны бохирдол үүсгэж байгаа эсэхт хяналт тавиулах

♦ Стандартыг бодит байдалд нийцэхүйц, хүн бүрт ойлгохуйц болгох

♦ Богино, дунд болон урт хугацаанд хийх ажлаа сайн төлөвлөөд нийгмийн бүх оролцогч талууд нэгэн зэрэг хөдлөх

♦ Орчны бохирдолын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.